Эх нутагт минь хавар цаг ирлээ. Өсч үржих, төлжин дэлгэрэх, цэцэглэн мандахын билэгдэл болсон хаврын улирал Монголын сайхан оронд айлчлан ирлээ. Тэсгим өвлийн хүйтэн жаварт хайрагдаж, хөр цасанд толгой гудайсан Монголын цэлгэр талд удахгүй өнгө алагласан цэцэг, жимс дэлгэрнэ. Тиймээ, удахгүй Монгол улс хөгжинө. Хахир өвлийн жихүүн салхинд зутруухан алхахдаа урин дулаан хавар цаг ирнэ гэдэгт би үргэлж итгэдэг. Хаврын улиралд итгэдэг шигээ, Монголын ард түмэндээ би итгэдэг. Хоёр зууны турш Манжийн дарлал, хатуу эрүү шүүлтэнд махаа таслуулж, цусаа урсган тамлуулж байхдаа монголчууд “Амь өршөө” гэж гуйгаагүй, харин “эх орон, эрх чөлөө, тусгаар тогтнол”-ынхоо төлөө л тэмцэж байсан. Эрүү шүүлтэнд амь гуйж, царай алдаагүй хатан зоригт, эрэлхэг баатруудын үрс бид энхийн цагт хөгжин дэвшинэ, мандан бадарна, жарган цэнгэнэ гэдэгт би өчүүхэн ч эргэлздэггүй. Монголчууд бид Хятад, Оросын зуугаад жилийн харгис яргалал дор коммунизмын улаан галанд шарагдан байхдаа мянга мянган сэхээтнээ зүй бусаар алдсан. Эх орныхоо хөгжил дэвшлийн төлөө тархиа ширгээж, амиа тасартал мохошгүй зүтгэсэн эдгээр сэхээтнийхээ яруу алдрыг магтан дуулму! Үзэл сурталжсан хэцүү нийгэмд буруу сэтгэж, хазгай гишгээгүй тэрхүү оюун билигт, ухаалаг сэхээтнүүдийн хойч үе бид тайван цагт эх орноо хөгжүүлж, дэвшүүлж чадна гэдэгт би үргэлж итгэдэг. Аливаа зүйл өөрийн цаг хугацаатай, үе давтамжтай байдаг. Өдөр шөнө ээлжилдэг. Өвлийн дараа хавар, зовлонгийн дараа жаргал ирдэг. Монголчууд бид эрх чөлөөнийхөө төлөө хоёр зуун жил тарчиллаа, эрх мэдлийнхээ төлөө зуун жил зовлоо. Монголын ард түмэн дэндүү их зовлоо. Одоо болно оо! Монголчууд бидний зовох хугацаа дуусч, жаргах цаг ирлээ. Тиймээ, цаг ирлээ. Хөгжин дэвших, мандан бадрах цаг маань ирлээ. Залуусын үе ирлээ. Өвөг дээдсийнхээ яруу алдарт, бахархам түүхийг нэр хүндтэйгээр үргэлжлүүлэх залуус бидний ээлж ирлээ. Өөрийн залхуурлаа өмөөрч, элдэв шалтаг тоочдог зарим хүмүүс Монгол улс цөөхөн хүн амтай болохоор хөгжихгүй байгаа гэж тайлбарладаг. Цөөхөн монголчууд яаж ч чадахгүй гэж мэдэмхийрдэг. Зөвхөн гадаадынхан л Монгол улсыг хөгжүүлнэ гэж хадуурдаг. Залуус аа, гадаадынхан Монгол улсыг хөгжүүлнэ гэдэгт бүү найдаарай, битгий эндүүрээрэй. Тэд ашиг орлогоо л бодно. Зөвхөн та бид, Монгол залуус л эх орноо хөгжүүлж чадна. Түүхээс харахад Чингис хааны үеийн монголчууд ердөө 95 түм байжээ. Түүнээс 120000 нь Чингисийн армийн цэрэг байв. Хэрвээ цөөхөн монголчууд юу ч хийж чадахгүй гэдэг нь үнэн байсан бол ердөө зуугаадхан мянган цэрэгтэй, сая хүрэхгүй хүн амтай 13-р зууны үеийн монголчууд дэлхийг эзэлж чадах байсан уу? Залуус аа, би та нарт сануулъя. Түүхээс үзэхэд ямар ч үед монголчууд цөөхүүлээ байсан, цөөхөн монголчууд түүхийн туршид ялж байсан. Гэхдээ хүн хүч, бяр чадлынхаа илүүгээр нэг ч удаа ялалт байгуулаагүй, гагцхүү оюун билиг, суу ухааныхаа илүүгээр л түүхийн туршид монголчууд ялалт байгуулж байсан. Одоо ч монголчууд бидэнд ялах боломж бий. Хөгжил дэвшилд хөтлөх, ялалтын билэгдэл хавар цаг ирлээ. Та бүхэндээ хаврын баярын мэнд хүргэе. |