 Монголчууд жилд таван удаа шинэ оноо тэмдэглэдэг. Эхнийх нь Григорийн /аргын/ тооллоор нэг сарын нэгэн. Дэлхий дахинаа энэ өдөр шинэ оноо угтдаг. Дараагийн хоёр нь Төгсбуянтын болоод Шар зурхайн /билгийн/ тооллоор шинийн нэгэн, ихэнх хүмүүсийн андуурдгаар энэ нь монгол үндэстний цагаан сар. Дөрөв, тав дахь нь аргын тооллоор гурав ба ес дүгээр сарын хорин хоёронд тэмдэглэгддэг наурызын баяр болоод монгол үндэстний “жинхэнэ” цагаан сар. Эртнээс нааш монголчууд нүүдлийн мал аж ахуй эрхэлсээр ирсэн. Тиймийн тул монгол үндэстний ихэнх зан үйл хийгээд баяр ёслол мал аж ахуйтай холбоотой байдаг. Өдгөө жилд гурвантаа тэмдэглэгдэж байгаа “марзан баяр” цагаан сарын үүсэл хөгжил ч чухамдаа энэ л ахуйтай холбоотой. Уг нь монгол үндэстний их баяр цагаан сар “марзан баяр” ч биш л дээ. Гэхдээ монголчууд үндэсний их баяр цагаан сараа хэзээ, яаж тэмдэглэх учраа олохоо больж, сүүлийн хэдэн жил будилж яваа тул ийн цоллоход хүрэв. Арван хоёр сарын хорин хоёронд ес эхэлдэг. Энэ нь монгол нутагт хүйтэрч, өвөл эхэлснийг илэрхийлнэ. Есөн ес, наян нэг хоногийн турш сүрхий хүйтрэнэ. Юун айл хэсч баяр тэмдэглэх, хөлдөж хоцорвол яана! Наян нэгэн хүйтэн хоног өнгөрсний эцэст ерөөлийн ес хоногийг үдээд нийт ер хоног үргэлжлэх хатуу өвлийн улирлыг гурав дугаар сарын хорин хоёронд үддэг ба энэ өдөр хасаг түмэн хаврын /наурызын/ баяраа тэмдэглэдэг. Хавар болохоор мал төллөнө өө. Малчин олон монголчууд мундахгүй их ажилтай, юун цагаан сар! Дөнгөж төрсөн нялх төлөө хаврын хавсраганд алдчихгүйн тулд өглөөнөөс орой хүртэл борви бохис хийлгүй ажиллан байж зуны улиралтай золгоно. Гэхдээ зуны сар зургаа биш. Намар өвлийн бэлтгэлээ базаах хэрэгтэй. Бас л бөөн ажил. Мал амьтны тарга тэвээр, сүү сааль, бас дээр түлээ түлшээ бэлдэнэ. Есөн сарын хорин хоёронд намар эхлэнэ ээ. Хүн малгүй нас нэмнэ. Хэдийгээр мал хавар төлөлдөг хэдий ч монголчууд унагаа тамгалан даага, хурга имнэн төлөг болсонд тооцно. Энэ үеэр идээ цагаа элбэг байдаг учраас монголчууд хурим найр, баяр наадмаа ихэвчлэн намрын налгар өдрүүдэд хийдэг. Айл хотлоороо цагаан сараа, шинэ жилээ тэмдэглэнэ. Шинэ оноо намар эхлүүлдэг нь талын язгууртан монголчуудын эртнээс нааш тогтсон заншил. Харин коммунизмын үеэр нам засгаас малчдыг цагаан сар тэмдэглэхийг хориглосон ба дараа нь зөвшөөрч байсан түүх бий. Чухам тэр үеэс л монгол үндэстний цагаан сар утгаа алдаж өнөөгийн марзан баярын эхлэл тавигдсан байх. Анх, цагаан сарыг намар тэмдэглэдэг байхдаа малчид хоттой малынхаа тарга тэвээрийг шалгах зорилгоор ууц тавьдаг байж. Ухаан нь манай мал өвлийг өнөтэй давж чадах нь уу, үгүй юу гэдгийг мэдэх гэж байгаа хэрэг. Харин өнөөдөр хавар цагаан сар тэмдэглэхдээ ууц тавьдаг нь ямар ач холбогдолтой юм бүү мэд. Дээр нь хотынхон дэлгүүрээс хэнийх нь мэдэгдэхгүй ууц худалдаж аваад тавьдаг нь яах ч гэж байгаа юм, бас л бүү мэд. Таахад, баярхаж байгаа л ухаантай байх. За тэгээд, битүүний орой битүүртлээ иддэг гэж нэг марзан үг байна аа. Уг нь хүн битгий хэл мал хүртэл идшээ тохируулж иддэг юм шүү дээ. Битүүндээ битүүртлээ идсэн хүн шинийн өглөө хордлогын төвд сэрнэ биз дээ, хөөрхий. Хэзээ үүссэнийг нь мэдэхгүй ч иймэрхүү харалган, үрэлгэн, марзан зуршил сүүлийн хэдэн жил нэлээн газар авлаа. Бүр байдгаа барж баяр тэмдэглэхийг нь яана! Цагаан сарыг элбэг дэлбэг угтвал тэр жилдээ элбэг дэлбэг байдаг юм гэнэ ээ. Янз нь баян айлд шинэлсэн ядуу хүн тэр жилжингээ баян цатгалан явах юм байна л даа. Ямар шидэт үлгэр биш дээ. Шинийн нэгнээ олохгүй будилна аа. Ганц жил хэрүүл уруулгүй амгалан байх нь гэж бодтол шинийн нэгэн ихэрлээд бүр ч марзан юм болоодохов. Төгсбуянт болоод Шар зурхайн гээд хоёр тал болж байгаад сайхан маргаж өгч байна аа. Нэг тал нь миний зурхай бурхан багшийнх, чиний зурхай Хятадынх гэж зүтгэнэ. Нөгөөх нь харин Шар зурхай чинь Чингис хааных, манай хаан зохиосон юм гээд гүрийчихнэ. Будда өөрөө “цаг бүр сайн, зүг бүр өлзийтэй” гэж сургасан байдаг. Юун час өдөр, юун муу өдөр. Энэ зурхай гээчийг лав л Будда зохиогоогүй гэдгийг судлаачид сайн мэднэ. Лам нар ч өөрсдөө мэдэж байгаа. Чингис хаан бол агуу хаан, гарамгай жанжин хүн шүү дээ, зурхай зурдаг лам биш ээ. Андуураад байна аа, андуураад байна. Марзан. Марзан. Хэрүүлтэй хараалтай шинийн нэгнээ олсныхоо дараа өглөө мөр гаргана гэж бүр ч их марзан юм болно. Зөвхөн энэ л өдөр мөрөө зөв гаргачих юм бол амьдрал сайхан болж, харин өөр өдөр эсвэл буруу зүгтээ мөрөө гаргачихвал голомт нь сүйрэх юм байх. Энэ яг юу вэ? Хаанахын мухар сүсэг вэ? Уг нь монголчууд дуртай үедээ шинэлдэг байсан юм шүү дээ. Үүний учир нь Монгол орон өөрөө эрс тэс уур амьсгалтай. Тогтмол нэг өдөр товлочихоор, товлосон өдөр нь цасан шуургатай байвал яах уу? Галзуурсан юм шиг шинэлэнэ гээд явж байх уу? Үгүй дээ, үгүй. Тухайн үеийнхээ цаг агаарт зохицуулан нар ээж, салхи таалсан аятай сайхан өдрийг нутгын ахмадууд сонгон шинэлэх өдрийг товлодог байсан юм шүү дээ. Зөвхөн шинийн нэгэнд зүг мөрөө зөв гаргахгүй бол үхнэ, хагацана гэдэг чинь орчин цагийн бизнесмэн зурхайчдын л марзаганал байхгүй юу даа. Марзан баярын марзаганал үүгээр ч дуусахгүй. Ном гүрэм уншуулна гэж лам нарын нэг рекетний бизнес байгаа. Шинийн найманы дотор багтаж гандан гарч тангад ном уншуулахгүй бол бас л үхнэ гэнэ ээ. Хүүе, бас юун тангад ном бэ? Юун маань мэгзэм? Цагаан сар чинь Монголын үндэсний баяр. Шарын шашин орж ирэхээс бүр өмнө энэ баярыг монголчууд зуу зуун жилийн турш тэмдэглэсээр ирсэн юм. Хэзээдээ бас шашинтай эрлийзжүүлчих ээ вэ? 1911 онд Монгол улс тусгаар тогтнолоо зарлахад Богд Төгсбуянт зурхайг хэрэглэж байх тухай лүндэн буулгасан юм байх. Амьхандаа хятадын шар зурхайгаас татгалзаж монгол зурхайг дагаж байгаа царай нь. Уг санаа нь сайхан боловч Ар Монголд тэмбүү тараасан Түвд лам монгол зурхайг, монголчуудын амьдрал ахуйг яаж мэдэхэв дээ, хөөрхий. Марзан байгаа биз? Уг нь байдгаа барж баяр тэмдэглэн, бүтүүнд битүүртлээ иддэг, шинийн өглөө мөр гаргана гэж чулуу тойрч гүйх нь монгол заншил лав л биш. Монголчууд байгаа юмаа гамтай зарцуулдаг байсан болохоос шинэ баян шиг цээж өвчтэй ард түмэн даанч биш л дээ. Хөхөө өвлийн хүйтэнд хөлдөж үхэхээ шахан байж баяр тэмдэглэдэг ёс Монголд бүр ч байгаагүй. Би энийг баттай хэлж чадна. Магадгүй, цаг агаар харьцангуй сайтайгаараа Хятад, Түвдэд л иймэрхүү марзан ёс байсан байх. Юутай ч марзан баярын мэнд хүргэчихэе. Сайхан марзаганаарай. |
Гэхдээ та өөрийгөө болон бусдыг хүндлээд хараалын үг, хэллэг битгий хэрэглээрэй.